М.Баттулга: Хүн бүр Монголынхоо бизнесийг дэмжиж байж хөгжил бий болно 2017 оны 10 сарын 06

news image

Жижиг дунд бизнес, худалдаа наймаа идэвхиждэг энэ цаг үед бид дотоодын үйлдвэрлэгчиддээ хэрэгтэй мэдээлэл өгөх үүднээс бизнесийн салбарт нилээд амжилттай ажилласны зэрэгцээ, бизнесийг дэмжих чиглэлээр банкны салбарт ажиллаж туршлагажсан залуу үеийн төлөөлөл болсон нэгэн хүнийг урин оролцуулж байна. Капитрон банкны Бизнес хөгжлийн захирлаар ажиллаж буй М.Баттулга нь ажлын гараагаа банкны салбарт эдийн засагч, бизнесийн төслийн шинжээчээр эхлүүлж байсан бөгөөд хувийн хэвшлийн салбарт дотооддоо болон гадаадад олон жил удирдах албан тушаал хашиж, бизнесийг богино хугацаанд хөгжүүлж байсан туршлагатай нэгэн юм.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг М.Баттулга гэдэг. Миний үндсэн мэргэжил Бизнесийн удирдлага, маркетингийн стратегич. Монголд СЭЗДС-д уг мэргэжлээр төгссөн бөгөөд үргэлжлүүлэн Канад, Английн сургуулиудад энэ чиглэлээрээ дагнан сурсан. Анхны ажлын гараагаа банкны салбарт төслийн шинжээч, корпорейт банкны эдийн засагчаар эхлүүлж, энэ чиглэлээр сургагч багшаар ажиллаж байсан. Удирдах албаны туршлагын хувьд, 2008 онд Монголын гэр ахуйн барааны салбарт Kitchen all брэндийг бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулж, маркетинг борлуулалтын стратегийг боловсруулж, нэвтрүүлэлтийн ажлыг гардан удирдаж, жижиг дунд бизнесийг үндэсний брэнд болгох ажлыг гардан гүйцэтгэж байсан. Олон улсын хэмжээнд Канадын нэр хүндтэй IGA худалдааны сүлжээнд санхүү, борлуулалт, үйлчилгээний чиглэлээр таван жил удирдах албан тушаал хашсан. 2016 онд эх орондоо гэр бүлийн хамтаар нүүн ирж, Капитрон банкинд стратеги, маркетингийн чиглэлийг хөгжүүлэх ажилд томилогдон ажиллаж байна.

-Та бизнесийн болон банкны салбарт аль алинд нь ажиллаж байсан эдийн засагч хүний хувьд Монголын эдийн засаг хэр түвшинд байгаа цаашид хэрхэн хөгжиж болох талаар саналаа хуваалцаач?

-Эдийн засаг сэргэх боломжтой байна гэдгээр яриагаа эхлэмээр байна. Хэрэв бодит байдлыг асуувал асуудлууд их байна. Дундаж өрхийн орлого бага байна, бизнесүүдэд ирж буй татварын дарамт их, төгрөгийн ханш суларсаар байна, улс төр тогтворгүй байна, зээлийн хүү өндөр байна гэх мэт энгийн өрхийн хэмжээнд шийдвэрлэхэд хэцүү асуудлууд зөндөө байгаа. Гэхдээ боломж талаасаа бид хараад ажиллах хэрэгтэй. Мөн эдийн засгийн бодит өсөлтийг практик дээр ойлгох хэрэгтэй гэж үзэж байна. Маш энгийнээр эдийн засаг сайжирч байна уу гэдгийг бодитоор хэрхэн хэмжих вэ гэвэл өрх, гэр бүлүүд хэр хангалуун амьдарч байна гэдгээр л хэмжинэ. Монголын дийлэнх өрхүүд өнөөдөр хадгаламжгүй байна гэхээр орлого нь хангалттай биш байна гэсэн үг. Гэр бүлүүдийн маань орлого нэмэгдэхийн тулд бидэнд ажил олгогчид, бизнесийнхэн хэрэгтэй. Бизнес эрхлэгчдийн хүчээр бид өрх, гэр бүлүүдээ ажилтай болгоно, цалинтай байлгана. Цаашлаад төсвийг санхүүжүүлж, эмч, багш, цагдаа гээд төрийн байгууллагад ажилладаг өрхүүдийн орлого нэмэгдэнэ. Тиймээс аль аль түвшиндээ бизнес эрхлэгчдээ дэмжиж байж эдийн засаг сэргэх боломж байгаа гэдгийг ойлгож, хүн бүр шийдвэрээ гаргаж баймаар байгаа юм.

-Бизнес эрхлэгчдийг аль аль түвшиндээ дэмжих хэрэгтэй гэдэг талаараа тодорхой ярихгүй юу?

-Нэгт, төрийн зүгээс дэмжлэгүүд хэрэгтэй байна. Дөнгөж үүсэж бий болж буй бизнесийг татвараар дарамтлах, авилга, гарын мөнгө нэхэх, үе шаттай хүнд суртлуудаар ажлыг нь хойшлуулж саад болох гээд асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Ажлын байр бий болгож байна, нэг ч болов өрхийг орлоготой байлгаж байна гэдэг утгаараа төрийн үүрэх ачааллаас хуваалцаж буйн хувьд төрөөс бизнес эрхлэлтийг сайн дэмжээд өгөх хэрэгтэй. Бизнес эрхлэгчдэд дахиад нэг хүн ажилд авчихья, ажилд авсан хүнийхээ цалинг нэмчихье, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадагш гаргая гэсэн сэдлүүдийг нь төрүүлэх идэвхижүүлэлтийн бодлогыг төрийн зүгээс авч хэрэгжүүлмээр байгаа юм.

Хоёрт, хэрэглэгчдийн зүгээс дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжих сэтгэлгээг бий болгомоор байгаа. Лангуун дээр Монгол бараа, импортын бараа хоёр зэрэгцээд байж байхад Монгол хүнийг цалинтай байлгаж байна гэсэн үзлээр Монгол бараагаа сонгож бизнесийнхэндээ, тэдний цаана ажиллаж буй өрхүүддээ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Монгол хүний худалдан авалт бүр Монголынхоо бизнесийг дэмжиж, Монгол гэр бүлдээ үлдэж байвал энэ үеэс л эдийн засгийн бодит өсөлтүүд гарч эхэлнэ л дээ. Мөнгөний гадагш гарах урсгалыг хааж, дотроо авч үлдэе гэсэн үг.

Гуравт, бизнесийн байгууллагад ажиллаж буй ажилтанууд бизнесийн аль ч түвшинд байсан өөриймсөг сэтгэлээр, өөрийнхөө бизнесийг хийж буй мэтээр хандах хэрэгтэй. Тухайн бизнес оршин тогтнож байж, та болон таны хамтран ажиллагчид тогтвортой орлоготой байна. Тэр бизнес ашигтай ажиллаж байж таны цалинг нэмэх боломж гарна. Та хэрэглэгчиддээ үнэ цэнийг бий болгож байж, таны ажиллаж буй байгууллага хэрэглэгчээр хүрээлүүлнэ.

Эцэст нь, бизнес эрхлэгчид өөрсдөө өрсөлдөх чадвараа тогтмол нэмэгдүүлж байх хэрэгтэй. Хэрэглэхэд хэцүү, чанаргүй бүтээгдэхүүн санал болгоод эсвэл дийлэхийн аргагүй өндөр үнэ тогтоочихоод дотоодын үйлдвэрлэгчээ дэмж гээд суугаад байвал хичнээн дэмжие гэхэд хэрэглэгчдэд хэцүү. Тэгэхээр зах зээл дээр өрсөлдөх чадвартай үнэ санал болгохын тулд бизнесээ үр ашигтай ажиллуулах моделио үргэлж хөгжүүлэх хэрэгтэй. Зөв модель ашигт ажиллагааг өсгөхөөс гадна, чанарыг сайжруулахад хэрэг болдог. Зөв модельтой байж байж, сайн ажилладаг, хэрэгтэй хүмүүсээ тогтоож үлдэж чадна.

-Монгол хүний худалдан авалт бүр Монголынхоо бизнесийг дэмжиж, Монгол гэр бүлдээ үлдэж байх гэж их зөв санагдаж байна?

-Хүн бүр эдийн засгийг сэргээх хүчтэй гэдгийг хэлмээр байна. Та оюутан байна уу, ажилтан байна уу, бизнес эрхлэгч байна уу хамаагүй танд өөрийн шийдвэрээрээ дамжуулан ямар ч бизнесийг хөгжүүлэх хүч байгаа. Таны өнөөдрийн зарцуулах мянган төгрөг хаашаа хэнд очих вэ гэдэг таны л сонголт. Тэр сонголтоороо дамжуулан та үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх үү, импортлогчдыг болон гадны үйлдвэрлэгчдийг хөгжүүлэх үү гэсэн сонголтоо хийж байгаа. Хүн бүрийн өдөр тутмын энэ сонголтууд нийлэхэд асар том цар хүрээтэй, эдийн засгийг сэргээх хэмжээний сонголт болно. Таны хийсэн энэ сонголт дотоодын үйлдвэрлэгчийг дэмжиж байвал, дахин нэг Монгол хүн орлоготой, дахин нэг Монгол хүүхдийн ирээдүй гэрэлтэй болж байна гэсэн үг.

-Та өдөр тутмын амьдралдаа өөрөө ийм сонголтуудыг хийдэг үү?

-Хийхийг хичээдэг. Өдөр тутмын амьдралд маань ер нь хэвшчихсэн. Монгол самар, Монгол чацаргана, Монгол үхрийн мах, Монгол сүү, Монгол шар айраг гээд аль болох Монголдоо хийж чадаж байгаа бүтээгдэхүүнээр хөргөгчөө дүүргэдэг. Ажил мэргэжлийн хувьд ч мөн адил, ажиллаж буй банк маань 100 хувийн Монголын хөрөнгө оруулалттай, 100 хувь Монгол ажилтнуудтай Капитрон гээд банк байна.

-Түрүүн та хэлсэн. Хэрэглэгчид Монголынхоо бүтээгдэхүүнийг дэмжихээс гадна дотоодын бизнесүүд маань өөрсдөө бас хичээж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ёстой гэж?

-Дотоодын бизнес эрхлэгчдийн маш ихээр анхаарах ёстой зүйл бол энэ л дээ. Хэрэглэгч таныг сонгож байгаа бол та тэр хэрэглэгчид хэрэгтэй үнэ цэнийг тултал нь бүтээж өгөх, бүтээхийн төлөө ажиллах ёстой юм. Зарим бизнес эрхлэгчдийн бизнес нь томроод асуудлуудаа шийдэж чадахаа байчихсан байдаг. Бага дээр нь зохицуулалт хийж чадаагүйн улмаас гараад байгаа зардал нь дийлдэхээ байчихсан, аль нь хэрэгтэй аль нь хэрэггүй зардлаа ч ялгахаа байчихсан. Ашигтай ажиллахын тулд нэг бол үнээ нэмэх, эсвэл ажилтаны цалингаас хэмнэх гэсэн хамгийн буруу 2 шийдвэрийн нэгийг гаргадаг болчихсон хандлага ажиглагддаг. Би маш баттай хэлж чадна. Монголд ажиллаж буй ихэнх бизнесийн үйл ажиллагааны дамжлагыг боловсронгуй болгосноор хэрэглэгчид санал болгох үнийг бууруулах, ажилчдын цалинг өсгөх бүрэн боломж байгаа. Хэд хэдэн байгууллагад би өөрөө энийг илрүүлж, засч өгч ч байсан. Монголын масс хэрэглэгчидийн төлбөрийн чадвар харьцангуй бага байдаг бөгөөд худалдан авалт хийх бүртээ маш няхуур хандаж, боломжиндоо тулгуурлаж сонголтоо хийдэг. Харин бизнес эрхлэгчид болон менежерүүдийн сэтгэлгээний хувьд бага зэрэг баярхуу зан байдаг бөгөөд хэрэгцээгүй зардлуудыг гаргаад сурчихсан байдаг. Хэрэглэгчид маань зардалдаа няхуур хандаж буй тул үйлвэрлэл эрхлэгчид, бизнесийнхэн маань ч мөн өөрсдийн зардалд няхуур хандаж, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, шаардлагагүй бизнесийн үе шатыг цөөлөх, лангуун дээр өрсөлдөөд байж байгаа импортын бүтээгдэхүүнтэй ижил түвшний чанарыг бага үнээр санал болгох чадвараа нэмэгдүүлэх гэх мэт тал дээр анхаарлаа хандуулж сурах шаардлагатай байгаа.

-Бизнес нь хяналтнаас гараад учирч буй асуудлыг хэрхэн шийдэхээ мэдэхээ байчих тохиолдол зарим бизнес эрхлэгчдэд бий болдог гэж хэллээ. Тэгвэл богино хугацаанд үүнийг засах ямар арга байх вэ?

-Хамгийн энгийн арга гэвэл бизнесийн үр ашгаа хянах 4-5 гол үзүүлэлтээ гаргаж аваад долоо хоног бүрийн эцсийн өдөрт тухайн долоо хоногийн гүйцэтгэлээ хянаад ирэх долоо хоногт нь түүндээ хариу үйлдэл гаргаад явах арга байна. Канадад хүмүүс нь хичнээн хангалуун амьдралтай, бизнесийн байгууллагууд нь хичнээн ашигтай ажилладаг боловч үйл ажиллагаагаа долоо хоног бүрээр хянаж орлого, зардлын харьцаа багахан хувиар өөрчлөгдөхөд тэр дор нь хариу үйлдэл хийж явдаг. Би ч мөн адил энэ зарчмаар ажилладаг байсан тул бизнестээ хэрэггүй зардлуудыг долоо хоног бүрээр танаад явчихдаг, нэг үгээр хэлбэл зардлын хувьд цэвэрлэгээг байнга хийдэг байсан гэсэн үг. Энэ бол зүгээр энгийн өдөр тутмыг үйл ажиллагааг сайжруулах арга юм. Цаашлаад стратеги давуу тал үүсгэх зохион байгуулалтын аргууд мөн байдаг. Яахав Монголд энэ аргыг хэрэгжүүлэхийн тулд наад захын түрүүний миний хэлсэн аргыг бүрэн хэрэглээд цэгцэнд оруулсан байх ёстой.

-Бизнес, эдийн засгийн хөгжлийн талаарх асуудлууд болон тэдгээрийг даван гарах зөвлөмжүүд өгсөнд баярлалаа. Банкны салбарт ажиллаж буй хүний хувьд тэгвэл банк санхүүгийн салбар өөрөө бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжиж байна вэ, банк болон хувийн хэвшлийнхний уялдаа холбоо хэр байна гэдэг өнцгөөс мэдээлэл өгөөч?

-Банкны салбарын бизнес эрхлэгчдийг дэмжсэн үйлчилгээнүүд улам бүр сайжирсаар л байна. 12 жилийн өмнө бизнес эрхлэгч нар банкуудын араас гуйж явдаг байсан бол одоо банкууд маань бизнес эрхлэгчдийнхээ араас нь очиж үйлчилгээгээ санал болгодог болсон. Энэ бол банкны салбарт явж буй эрүүл өрсөлдөөний нэг үр дүн. Хөгжилтэй орнуудад нэвтэрсэн бүхий л шинэ үйлчилгээнүүд Монголын банкуудад нэвтэрсэн байна. Энэ бол банкны салбарын хөгжил болон бизнесийн байгууллагуудад бий болж буй давуу тал. Хүндрэлтэй тал бас байнаа. Яах аргагүй энэ бол өндөр зээлийн хүү. Зээлийн хүү өндөр байх нь бизнес эрхлэгчдэд ч эрсдэлтэй, банкуудад ч эрсдэлтэй. Банкууд маань зээлийн хүүгээ буулгах талаар ярьсаар ирсэн боловч бие дааж шийдвэр гаргах боломжгүй, хүч хүрэхгүй тал их байгаа. Монголын эдийн засгийн системийн гажиг гэж би үүнийг хараад байна.  

-Зээлийн хүүг буулгахад юу саад болоод байгаа вэ?

-Зээлийн хүү гэдэг эдийн засаг гэсэн том системийн нэгээхэн хэсэг. Тиймээс маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Гэхдээ дарааллаар нь, логикоор нь хөөгөөд харвал асуудал маш тодорхой байгаа, засах ч боломж байна. Асуудлыг эхнээс нь хөөж, шалтгааныг илрүүлье л дээ.

Нэгт, Монголд хадгаламжийн хүү маш өндөр байна. Хүмүүс гадны орнуудад зээлийн хүү нэг оронтой тоо руу орсон байна, Монголд 20 орчим хувьтай байна гэдэг. Гадны орнуудад хадгаламжийн хүү 1 хувьтай явж байхад Монголд 15-16 хувьтай байж байна. Энэ дээрээс л хамаг асуудлыг харж болох байх. 15 дахин өндөр өртөгтэй хадгаламж, эргээгээд зээл болж гарахдаа хэр өндөр хувьтай байх нь тодорхой биз дээ. Тэгвэл дахиад цааш нь шалтгааныг илрүүлье. Хадгаламж нь цөөн хэдэн хүн дээр төвлөрсөн байна. Дээр нь олон банкууд энэ хадгаламжийг өөр дээрээ татаж авахаар өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл хязгаарлагдмал нөөцийн төлөөх өрсөлдөөн их байна гэхээр энэ дээр хадгаламж эзэмшигчдийн үнэ хаялцах хүч маш их болоод ирж байна гэсэн үг. Үүнийг зах зээлийн хуулиар нь үлдээнэ гэвэл хүү өндрөөрөө тогтсоор, бизнес эрхлэгчдэд ирэх хүүгийн дарамт өндөр хэвээр байхаар байгаа юм. Төрийн зүгээс хадгаламжийн дээд хүү буюу тааз хүү тогтоох замаар үүнийг дэг журманд оруулж болох юм. Гэхдээ төр үүнийг хийхийн тулд бодлогын хүүг мөн үүнтэйгээ зохицуулах шаардлага гарна. Хадгаламжийн өндөр хүүг засах оношилгоо маань ингээд дараагийн шатандаа орж байна гэсэн үг. Хадгаламжийн хүүг бууруулахын тулд Монголд буй хэт өндрөөр тогтсон бодлогын хүүг бууруулах хэрэгтэй байна. Бодлогын хүү гэдэг төв банкнаас тогтоодог, мөнгөний бодлогыг удирдах нэг хэрэгсэл. Бусад орнуудын жишгээр харахад эдийн засаг сайжрахын тулд бодлогын хүү нь инфляцийн түвшнээс доогуур түвшинд байдаг. Энэ хүү доогуур түвшинд байснаар эдийн засаг дах идэвхигүй мөнгө буюу бонд, хадгаламжийн хүү бага түвшинд байна. Эдийн засаг дах идэвхигүй мөнгийг бага хүүтэй болгосноор зээлийн хүү буурах нөхцөл бүрдэж, үүгээрээ дамжуулан бизнесийн байгууллагууд сэргэх боломжтой. Гэхдээ дахиад нэг асуудал энд гарч ирнэ. Бодлогын хүүг буулгавал богино хугацаанд валютын ханш өсөх магадлалтай. Өнгөрсөн онд төв банк бодлогын хүүг өсгөсөн шалтгаан чинь ерөөсөө л валютын ханшийг хэт өсөлтийг тогтоох зорилготой байсан. Тэгэхээр бодлогын хүү нь цаашлаад валюттай хамааралтай болоод оношилгоо маань цаашлах болж байна.

Монгол төгрөгийн ханш суларсаар байгаа. Суларч буй төгрөгөө аврах хэрэгсэл маань гэхдээ бодлогын хүүг өсгөх мөн үү гэвэл бас бишээ. Зөвхөн түр хугацаанд амь аргацаах хэлбэр буюу богино хугацаанд түр зуур л энэ аргыг хэрэглэхэд тохиромжтой. Бодлогын хүүгээ урт хугацаанд өндрөөр авч явбал энэ нь эсрэгээрээ эдийн засагт сөрөг нөлөө авчирдаг. Хадгаламж, зээлийн хүү өснө. Ингэснээр бизнес хумигдана, ажилгүйдэл өснө. Эргээд ажилгүй хэрэглэгчидтэй болчихвол бизнес дахиад хумигдана. Тиймээс валютын ханшаа барих гэж бодлогын хүүг өндрөөр тогтоогоод байж болохгүй гэсэн үг. Харин төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, чангаруулахын тулд валютын хэрэглээг хумих, төлбөр тооцооны дийлэнхийг төгрөгөөр хийхийг идэвхижүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, экспортын орлогыг нэмэгдүүлэх юм. Тэгэхээр эргээд түрүүний миний яриад байгаа дотоодын бизнесүүдээ дэмжие гэдэг дээр л эргээд бууж байгаа юм.

-Банкууд дангаараа шийдэх боломжгүй гэж ойлгогдохоор байна.

-Эдийн засгийн системийн алдаа гэж би түрүүн хэлсэн. Энэ алдааг төр, төв банк, арилжааны банкууд, бизнесийнхэн болон хэрэглэгчид нийлж байж засахгүй бол аль нэг нь дангаараа засах боломжгүй. Алдаатай баригдсан байшингийн шавыг яаж засах вэ гэдэг шиг юм болоод байна л даа. Гэхдээ үүнийг одооноос засах л хэрэгтэй. Төв банк бодлогын хүүгээ бууруулаад, валютын болон төгрөгийн хадгаламжийн тааз хүүг инфляцийн түвшнээс багаар тогтоох хэрэгтэй. Хадгаламжийн хүү буурснаар бизнесийг дэмжих болон хэрэглээг дэмжих зээлийн хүү буурч эдийн засгийг сэргээх боломжтой. Гэхдээ үүний хажуугаар валютын ханшийн өсөлтөөс сэргийлэхийн тулд валютын хэрэглээг бууруулах, валютын нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Жишээ нь валютаар орлого олдоггүй бизнес валютын зээл авбал тэдэнд хүндээр тусна. Тиймээс орлогын эх үүсвэрээс нь хамааран аль валютаар зээл олгох вэ гэдгээ ч банкууд харилцагчиддаа зөвлөж зөв шийдэл гаргахад нь туслах хэрэгтэй. Хэрэглэгчид харин дотоодын төгрөгөө дэмжих, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих сонголтуудаа ухаалгаар хийж байх хэрэгтэй гээд нийлсэн цогц арга хэмжээнүүд авагдсанаар манай эдийн засаг сэргэх, зөв голдрилдоо орох боломжтой.

-Нилээн төвөгтэй процесс байна гэж ойлголоо. Яриагаа шилжүүлье. Капитрон банкны хувьд түрүүн та 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай банк гэж хэллээ. Дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих талаар Капитрон банк хэрхэн ажиллаж байна?

-Капитрон банк нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттайн дээр Монголын ууган банкуудын нэг байгаа. 400 орчим ажилтантай, 40 гаруй салбар нэгжүүдтэй, нийслэл Улаанбаатараас гадна Өмнөговь, Эрдэнэт, Дархан, Дорноговь, Баян-Өлгий гээд таван аймагт үйл ажиллагаагаа 16 дах жилдээ эрхэлж буй банк. Капитрон банкны хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчид, байгууллагууд болон тэдгээр байгууллагад ажиллагчдад чиглэсэн бүтээгдэхүүнүүдээрээ ялгарч ажилладаг. Нийт зээл олголтын талаас илүү хувь нь үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжсэн зээл байдаг гэдгээс хэр зэрэг бизнес эрхлэгчдээ дэмждэг банк вэ гэдэг нь харагдах байх. Өнгөрсөн онд бид 125 хувийн өсөлт хийж, Монгол улсын хамгийн хурдацтай өсч буй найдвартай банкаар шалгарсан. Энэ өсөлт маань өөрөө бизнес эрхлэгчид болон иргэдэд чиглэсэн үйлчилгээний цар хүрээ нэмэгдсэнтэй холбоотой өсөлт байсан.

-Капитрон банкны онцлог юу вэ? Харилцагчид энэ олон банкуудаас Капитрон банкийг сонгох шалтгаан нь юу вэ?

-Капитрон банкны онцлогийн хувьд олон зүйлс байна л даа. Энгийн жишээнүүдээс дурдая гэвэл,  харилцагчдын цагийг хэмнэсэн, очер дараалалгүйгээр түргэн шуурхай үйлчилдэгээрээ бусад банкуудаас ялгардаг. Бизнес эрхлэгчид маань Капитрон банкин дээр ирээд зээл авахад төвөггүй, хурдтай шийдэж байна гэж нилээн сэтгэл хангалуун байдаг. Харилцагчийн тав тухтай орчин, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр манай банкны хамт олон бүгд зорьж ажилласаар байна. Зарим банкны харилцагчид зээл авахад төвөгтэй байна гэж ярьдаг. Тэгвэл манай банкинд 30 секундын дотор шийдвэрлэгдээд данс руу нь мөнгө нь шилжиж ордог зээлийн бүтээгдэхүүн ч байна. Мөн байгууллагууд, сонирхлын бүлгүүд болон иргэд өөрсдийн логотой, дахин давтагдашгүй фото картыг захиалан бусдаас ялгарах гэх мэт олон үйлчилгээнүүдийг маань дуртай хэрэглэж байна. Монголд анхны интернэт банкийг нэвтрүүлж байсан гэдэг утгаараа бид интернэт банк болон мобайл банкны хөгжүүлэлтүүд дээрээ сүүлийн хугацаанд нилээн ажиллаж, дотоодын цахим бүтээгдэхүүн хөгжүүлэгч компаниудтай хамтарч ажилласнаар хэрэглээ талаасаа хамгийн сайн шийдэл бүхий интернэт банк болон мобайл банкны үйлчилгээг удахгүй бид харилцагчиддаа хүргэх гэж байна.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд мөн ажлын амжилт хүсье.

Э.Учрал


Бусад мэдээ

image

Үндэсний лигийн мэргэн бууч Н.Наранболдыг 1.0 сая төгрөгийн хадгаламжаар урамшууллаа

2017 оны Үндэсний дээд лигт анх удаа дэвшин тоглосон “Атлетик220” хөлбөмбөгийн багийн Ерөнхий спонсор байгууллагаар К<

image

Өмнөговь аймгийн ахмад шатарчдын тэмцээн боллоо

Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан “Оюуны спортыг дэмжигч” Капитрон банкнаас Өмнөговь аймгийн Ахмадын чөлөөт&a

image

Капитрон банк Монгол Улсын хамгийн хурдацтай хөгжиж буй банкаар шалгарлаа

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2017 oн. Капитрон Банк