Л.Ариунаа: Харилцагчид банкинд илүү итгэж, банкийг илүү сонгож байна 2018 оны 06 сарын 13

news image

Туршлага: 1994-1999 онд ХОТШ банкны Карт хариуцсан мэргэжилтэн, Мөнгөн эргэлтийн эдийн засагч, 2001-2015 онд Чингис Хаан Банкны Санхүүгийн удирдлагын газрын захирал, Дотоод хяналт шалгалтын газрын захирал, Санхүү нөөц хариуцсан дэд захирал, Гүйцэтгэх захирал, 2012-2014 онд Азийн Банкны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2011-2015 онд Монгол Даатгал компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016 оноос одоо хүртэл Капитрон банкны Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна.

 

- Санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг дангаараа эзэлж байгаа банкны салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-  Санхүүгийн салбарын 95 хувийг банк дангаараа эзэлж байгаа нь хэрэглэгчид, олон нийт банкаар үйлчлүүлэх итгэл, үнэмшил, хүсэл нь илүү байна гэдгийг харуулж буй хэрэг. Нөгөө талаас банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа нь учир дутагдалтай, хурдтай хөгжихгүй байгаа нь нөлөөлж байна гэж боддог. Энэ онд эдийн засгийн өсөлт сэргэж банкуудын үйл ажиллагаа чанаржиж байна. Мөн энэ сарын үзүүлэлтээр банкны хадгаламж, зээлийн хүү буурах төлөвтэй байна. Банкны салбарт болж буй нэг том ажил бол Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд “Арилжааны банкуудын чадавхыг сайжруулах” төсөл өнгөрсөн жилээс эхэлж бүх банкууд “Активын чанарын үнэлгээ”-г Олон улсын аудитын байгууллагаар хийлгэсэн явдал юм. Аудитын компани банкуудын төлбөрийн чадварыг бүхэлдээ тогтвортой гэж дүгнэсэн ба энэ нь зарим банкуудын Олон улсын зээлжих зэрэглэлийг B3 (тогтвортой) болгон өсөхөд нөлөөллөө. Банкуудын чадавхыг сайжруулах төсөл үргэлжилж Монголбанкнаас бүх банкуудад өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх даалгавар өгсөн ба банкууд 2018 оны эцэс гэхэд уг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй байгаа. Капитрон банкны хувьд энэ сард дүрмийн сангаа 16 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж Монголбанкны даалгаврыг даруй 2.1 дахин давуулан биелүүллээ. Ингэснээр манай нийт дүрмийн сангийн хэмжээ 66 тэрбум болж нэмэгдлээ.    

- Банкинд итгэх итгэл өндөр, банкны үйлчилгээ иргэдэд илүү ойр байгаатай холбоотой гэж хэлэхэд болох нь ээ?

- Банкны салбарын үйлчилгээ илүү сайн байгаа учраас харилцагчид банкинд илүү итгэж, банкийг илүү сонгож байна. Манай арилжааны банкууд ч олон улсын жишигт дөхсөн үйлчилгээнүүдийг хүргэдэг болсон. Судалгаанаас харахад 2017 оны байдлаар мянган хүнд ногдох хадгаламжийн дансны тоогоор Азийн орнуудаас 5 хувь өндөр, 100’000 хүнд ноогдох АТМ-ын тоогоор Азийн орнуудаас 3 дахин их, зээлийн дансны тоогоор Азийн орнуудаас 2.6 дахин их байх жишээтэй. Банкны үйлчилгээний хүртээмжийн үзүүлэлтээр буюу банкны салбарын тоогоор Азийн орнуудаас 4 дахин, хөгжингүй орнуудаас 2 дахин илүү байна.

- Ойрын болон дунд хугацаанд банкны секторын өсөлт ямар байх төлөв харагдаж байна вэ?

- Банкны салбарын үзүүлэлтүүд нь улсын эдийн засгийн толь болж байдаг. Тэр ч утгаараа 2015-2016 онд эдийн засаг нэлээн саарч хямарсан нь банкны салбарт бас шууд нөлөөлж тухайн үед чанаргүй зээлийн хэмжээ 20 хувьд хүрч байсан. Харин 2017 онд эдийн засаг сэргэсэн нь эргээд банкны салбарт эерэгээр нөлөөлж, улмаар чанаргүй зээлийн хэмжээ буурч 8.6 хувь боллоо. Банкны салбарын нийт актив 2017 онд 14 хувь өсч, 29 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ жил болон ирэх жилд энэ өсөлтийг хадгалах төлөвтэй байна. Харин “Капитрон” банкны нийт актив сүүлийн хоёр жилд 3.2 дахин өсөлт үзүүлээд байгаа.

- Капитрон банк сүүлийн үед ямар шинэ бүтээгдэхүүн харилцагчдадаа санал болгож байна вэ?

- Капитрон банк сүүлийн хоёр жилд хөгжлийн стратеги төлөвлөлт, брэндбүүкээ шинэчлэн тодорхойлсон бөгөөд банкны зохистой засаглал, дотоод үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгох, шинэ салбар нэгж байгуулах зэрэг томоохон ажлуудыг хийлээ. Мөн бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулж, төрлийг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тэр дундаа цахим бүтээгдэхүүн, мэдээллийн технологийн шинэчлэл, хүчин чадал нэмэгдүүлэхэд түлхүү хөрөнгө оруулалт хийж байна. Мөн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ шимтгэл хураамжийг багасгах, зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах алхмуудыг хийж байна. Зээлийн хүүг бууруулахтай холбоотой өөрсдөөс шалтгаалах банкны зардлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаагаа автоматжуулах ажлуудыг хийж байна. Саяхан буюу өнгөрсөн гуравдугаар сард бид зээлийн хүүгээ дахин бууруулж, бизнесийн болон хэрэглээний зээлийн жилийн хүүг 16.8-19.2 хувь болгосон.

- Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн төлбөрийн чадвар муудаж зээлээ хугацаандаа төлөхгүй байх зэрэг хүндрэлүүд  нэлээдгүй үүсдэг. Энэ тохиолдолд хэрвээ зээлийн гэрээн дээр маргаан үүсвэл асуудлыг шүүхэд шилжүүлэхээс өмнө харилцагчдаа ямар боломж олгодог вэ?

- Зээлийн төлбөрийг шүүхийн шатанд шилжүүлэх хүртэл шат дараатай ажлуудыг хийдэг. Юуны түрүүнд төлбөр саатаж буй учир шалтгааныг тодруулах бөгөөд уг шалтгаанаас үүдэн авах арга хэмжээ өөр өөр байна. Санхүүгийн зөвлөгөө өгөх, тодорхой хугацаа өгч хүлээх, зээлийн хүүг бууруулах, гадаад валютын зээлийг төгрөгт хөрвүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээ авахыг эрмэлзэнэ. Цалингийн зээлтэй иргэн ажилгүй болсон байхад дараагийн ажилд ороход нь туслах хүртэл арга хэмжээ авдаг тохиолдол бий.

- Харилцагчдад үйлчилгээ авах банкаа сонгох бололцоо хэр байдаг вэ?

- Харилцагч ямар банкаар үйлчлүүлэх, тэр дотроо тухайн банкин дээр очоод ямар бүтээгдэхүүн үйлчилгээг авах вэ гэдэг сонголт нээлттэй. Харилцагчийг сонголт хийхэд тусалж, бид мэдээллээр маш сайн хангахыг зорьдог. Банкны тухай бүх мэдээллийг ил тодоор вэбсайт дээр байршуулсан байгаа. Энэ бүхнээс хамаараад иргэд хангалттай мэдээллийг авч аль банкны ямар бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох нь өөрт нь илүү тохиромжтой вэ гэдгийг харьцуулах замаар сонголтоо хийж, шийдвэрээ гаргах боломжтой.

- Банкны хууль эрх зүйн орчинд багагүй өөрчлөлтүүдийг хийлээ. Амьдралд хэр нийцтэй, ээлтэй болсон бэ. Магадгүй илүү сайжруулах асуудлууд байж болох юм?

- Ер нь Банкны тухай хууль харьцангуй сайн хууль байдаг бөгөөд тодорхой нэмэлт өөрчлөлтүүд орсон ч харьцангуй тогтвортой байсаар ирсэн. Харин энэ оны нэгдүгээр сард батлагдсан хуулийн өөрчлөлт нь төв банкнаас арилжааны банкуудад тавьдаг хяналтыг олон улсын жишигт ойртуулах, эрсдэлд суурилсан хянан шалгалтыг явуулах, өөрийн хөрөнгийн хүрэлцээ хангалтгүй, төлбөрийн чадварын эрсдэлд орсон банкинд авах арга хэмжээг илүү нарийн, чанга болгосон бөгөөд банкны бүтцийн өөрчлөлтийн сан бүрдүүлэх заалтууд нэмэгдсэн. Мөн банкуудын эцсийн өмчлөгчийг тодорхой байлгах, банкны ТУЗ, гүйцэтгэх удирдагуудад тавих шаардлага өндөр болсон өөрчлөлтүүд орсон. Эдгээрээс бүтцийн өөрчлөлтийн сангийн хөрөнгийг арилжааны банкуудаас хурааж бүрдүүлэхээр болсон нь банкны зардлыг өсгөж эргээд зээлийн хүүг нэмэгдүүлэх хүчин зүйл болохоор байна.

- Банкууд хэтэрхий өндөр хүүтэй зээл гаргаж байна гэж шүүмжлэх нэг тал байдаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ. Жишээ нь танай банкны хувьд зээлийн хүүгийн уян хатан байдал дээр ямар зарчим баримталдаг вэ?

- Эдийн засаг, зах зээлийн хөгжлөө дагаад зээлийн хүү буурч байгаа хэдий ч хангалттай буурч чадахгүй байна. Зарим хүмүүс зээлийн хүүг хүчээр буулгах талаар ярьж байна. Үүнийг би буруу гэж үздэг. Зээлийн хүүгийн дээд, доод хэмжээг хүчээр тогтоосон олон орны туршлага байдаг боловч эргээд сөрөг үр дагаварыг авчирсан байдаг. Монголбанк нь өнгөрсөн онд ажлын хэсэг байгуулан ажиллаж “Зээлийн хүү бууруулах стратегийн баримт бичиг”-ийн төслийг нийтэд саяхан танилцуулсан. Энэ цогц баримт бичгийг арилжааны банкууд талархан хүлээн авсан. Энэ ажлыг олон талын оролцоотой хийх ажил учраас хэрэгжилт нь тийм ч амаргүй байх болов уу. Гэхдээ л Монголбанк болон арилжааны банкууд өөрсдөөсөө хамаарах ажлыг хийж эхлэх нь чухал юм. Монголбанк бодлогын хүүг бууруулж улмаар төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг бас бууруулсан нь зээлийн хүүг бууруулахад багагүй нөлөөлж байна. Цаашид арилжааны банкуудад шаардлагатай эх үүсвэрийг зээлээр өгөх асуудал шийдэгдвэл зээлийн хүүг бууруулахад мөн нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.

- Хэрэглэгчийн санхүүгийн боловсрол өнөөдөр хангалттай хэмжээнд биш байна. Харилцагч санхүүгийн байгууллагаас ямар нэг үйлчилгээ, зээл авлаа гэхэд зээлийн гэрээг хянаагүй гарын үсэг зурснаас болж  дараа нь маргаан үүсэх нөхцөл хэр гардаг вэ?

- Санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор банкууд хамтраад Монголын банкны холбоогоороо дамжуулан жил бүр тодорхой ажлууд хийдэг. Манай банк ЕБС, их дээр сургууль дээр очиж, санхүүгийн анхан шатны мэдлэг, зөвлөгөө мэдээлэл өгөх, хуримтлалтай болох, бэлэн мөнгийг зөв боловсон хэрэглэх гэх зэрэг лекц унших, эссе бичлэгийн уралдаан зохиох, газар дээр нь банкны үйлчилгээ үзүүлэх зэргээр ажилладаг. Ер нь олон нийт, харилцагчид банк, санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авахдаа өөрсдөө маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Зээлийн гэрээг уншихгүйгээр гарын үсэг зурах, дансны нууц кодоо бусдад алдах зэрэг явдлууд гарах тохиолдол бий. Тиймээс банк зээлийн гэрээтэй танилцах хугацаа өгөх, уншиж танилцсан эсэхийг асууж лавлах, зээлийн гэрээний зарим заалтуудыг тухайлж харуулах зэргээр ажилладаг. Хэрэглэгчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр дунд сургуулийн хичээлийн хуваарьт хувь хүний санхүү, гэр бүлийн санхүү хөтлөх зэрэг хичээлүүдийг багтааж, зээл, хадгаламжийн талаар энгийн ойлголтуудыг таниулах ёстой гэж боддог. Жишээ нь банкнаас цалингийн зээл авч сар бүр цалингаасаа зээл төлдөг хүн “банк миний цалингаас сар бүр суутгаад би бага цалин авдаг” гэж ярьдаг хүмүүс байна шүү дээ.

- Танай банкны харилцагч, хэрэглэгчийн эрх ашиг хангалттай хамгаалагдаж чадаж байна уу?

- Манай банкны 24 цагийн турш банктай холбоотой, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой бүх талын мэдээллүүдийг өгдөг, харилцагчийн санал гомдлыг хүлээж авч эргэж хариу мэдэгддэг дуудлагын төвийг ажиллуулдаг. Эдгээр санал гомдол дээрээ анализ хийж нягтлаад дотоод үйл ажиллагаагаа боловсронгуй болгож сайжруулж байдаг. Мөн салбар нэгжүүдийн үйлчилгээний хурд, чанар, тохь тухыг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж байна. Харилцагч нартаа эдийн засаг, зах зээл, санхүүгийн зөвлөгөө өгөх, зээлдэгч нартаа төгрөгийн ханш чангарах, сулрахтай холбоотой өөрчлөлтөөс үүдэх эрсдэл, үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зээлийн гэрээнд тодорхой заалт оруулдаг. Мөн түүнчлэн харилцагчийн мэдээллийн нууцлалыг хангахтай холбоотой сургалтыг байнга хийдэг.

- Харилцагчийг хамгийн эхэнд угтаж үйлчилгээ үзүүлдэг хүн бол мэдээж мэдээллийн ажилтан теллерүүд байдаг. Ер нь танай банк ажилтнуудынхаа чадавхыг дээшлүүлэх, харилцааны ур чадварыг нэмэгдүүлэх зэрэгт хэр анхаарал хандуулдаг вэ?

- Манай банк энэ оны төлөвлөгөөндөө оруулсан томоохон ажлын нэг нь харилцагчийн мэдээллийн нууцлалыг хадгалах, гадны халдлагаас хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх хөтөлбөр юм. Энэ хүрээнд харилцагчийн мэдээллийг хамгаалах асуудал нь өөрөө банкны ажилтнуудын ур чадвар, хариуцлагаас гадна картын төлбөр тооцоо, олон улсын төлбөр тооцоонд харилцагчийн мэдээлэл халдлагад өртөх зэрэг асуудлаас урьдчилан сэргийлэх чадвар өндөр болох юм. Сүүлийн үед цахим бүтээгдэхүүн хөгжихийн хирээр энэ төрлийн гэмт хэрэг үүсч болзошгүй байна. Энэ мэт гэмт хэргээс харилцагчдын мэдээллийг хамгаалах чиглэлээр мэдээллийн технологид багагүй хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Харилцагчтай байнга тулж ажилладаг ажилтнуудаа тодорхой давтамжтай сургалт семинарыг тогтмол явуулсаар ирсэн. Уламжлалын дагуу энэ сургалт мөн үргэлжилнэ.

- Харилцагч  банкинд хандахдаа юуг илүү анхаарах ёстой вэ?

- Харилцагч өөрийн мөнгөн орлого, зарлага, санхүүгийн боломж, мөнгөн урсгалын мөчлөг зэргийг банкнаас авч буй бүтээгдэхүүн үйлчилгээтэй хир тохирох талаас нь судалж сонголтоо хийх хэрэгтэй. Мөн аливаа зээл авахдаа зээлдэгчийн эрх, үүргийг сайн судлахаас гадна өөрийн хийх бизнесийн мөнгөн урсгалын тооцоог зөв хийж, түүнтэйгээ зээлийн төлбөрийн хуваарийг уялдуулах нь чухал. Дээрээс нь банктайгаа илэн далангүй байж үүссэн асуудлаа ярилцаж зөвлөж байх нь чухал.

- Капитрон банкны хувьд нийгмийн харицлагын хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

- Нийгмийн хариуцлагын ажлуудыг жил бүр хийсээр ирсэн. Тухайлбал, 2017 онд ой хээрийн түймэртэй тэмцэх хандивын аян, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын малчдад тусламж, Монголын хүүхдийн ордны Хүүхдийн ертөнц гар зургийн уралдаан, EБС-ийн хүүхдүүдийн спортын хөгжилд хандив, утааны үед ЕБС-ийн сурагчдад макс тараах гэх мэт. Мөн хүүхэд залуучуудын спортын олон арга хэмжээг ивээн тэтгэж оролцдог.

- Ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье !

Эх сурвалж: “Сайн засаглал” сэтгүүл


Бусад мэдээ

image

“Улаанбаатар цом 2018” боксын Олон улсын тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк ажиллаж байна

“Улаанбаатар цом 2018” сонирхогчдын боксын Олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “А&

image

Капитрон банкны ЮнионПэй картын урамшуулал үргэлжилж байна

ОХУ-ыг зорих гэж байгаа иргэдэд дуулгах нэгэн сайхан мэдээ байна. Капитрон банкнаас ЮнионПэй интернэйшнл байгууллагатай&

image

Капитрон банк хөрсний бохирдолттой тэмцэхээр Нутгийн шийдэл сан ТББ-тай хамтран ажиллахаар боллоо

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк