“Бид Банкир 2018” банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шинэ аваргууд төрлөө 2018 оны 09 сарын 24

news image

Банкны салбарын хамгийн том тэмцээнүүдийн нэг “Бид Банкир 2018” Банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2018.09.21-23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө.

Банкны салбарын ажилтнуудын дунд зохиогддог тус тэмцээнд хөлбөмбөгийн дээд болон нэгдүгээр лигт тоглодог өндөр зэрэглэлийн тамирчид, банкир залуучууд оролцдог тул маш өрсөлдөөнтэй болдог билээ.

Тус тэмцээнд 13 банкны эрэгтэй, эмэгтэй төрөлд нийт 15 багийн 300 гаруй тамирчид оролцож, хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

Энэхүү тэмцээний нэг онцлог нь шинэ аварга төрсөн явдал байлаа. Эрэгтэй төрөлд түрүүлж, түүхэн амжилтаа гаргасан, шинэхэн аварга Капитрон банкны хувьд энэ жилийн битүү морь хэмээн хэлэгдэж байсан бөгөөд чангахан зоонд таарч нэг ч ялагдалгүйгээр хэсгээсээ шалгарч гаран, тоглолт бүр дээр үзэгч хийгээд өрсөлдөгчдөө шуугиулсан уран гоё тоглолтуудыг үзүүлсээр ийнхүү аварга боллоо.

Маш хурдтай тоглолтыг үзүүлдэг, залуу тоглогч нараас бүрдсэн Капитрон банкны багийг энэ жил “Атлетик 220” багийн туслах дасгалжуулагч, спортын мастер Б.Эрдэнэбат дасгалжуулж, энэхүү амжилтанд хүргэсэн байна. Аваргын алтан медалийн төлөө Капитрон банк, Голомт банкны тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болсон бөгөөд Капитрон банкны довтлогч Б.Ариунболдын гайхалтай довтолгоогоор Капитрон банк өрсөлдөгчөө 1:0 харьцаагаар буулган авсан. Тус тэмцээний шилдэг хаалгачаар гайхалтай хаалтуудыг хийж үзэгч олныг баясгаж байсан Капитрон банкны хаалгач Б.Батмагнай шалгарсан. Ийнхүү шинэхэн аварга, түүхэн амжилтаа бүтээсэн Х.Идэрбулган ахлагчтай Капитрон банкны баг ирэх жилийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.

Капитрон банкны хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг дэмжиж, хүүхэд залуусыг эрүүл чийрэг, зөв боловсон хүн болгон төлөвшүүлэх, Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан ажилладаг билээ. Тухайлбал, Үндэсний дээд лигийн “Атлетик 220” хөлбөмбөгийн клубын Ерөнхий ивээн тэтгэгч, Ерөнхий боловсролын сургуулиудын “Дуулиан 2020” заалны хөлбөмбөгийн тэмцээний ивээн тэтгэгч, түүнчлэн хөлбөмбөгийн спортыг сонирхон хичээллэдэг банкны ажилтан залуусыгаа дэмжин ажилладаг, хамгийн хурдацтай өсч яваа, үндэсний хөрөнгө оруулалтай, ууган арилжааны банк юм.

Тэмцээний ерөнхий үр дүнг танилцуулбал,

ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:

Алтан медаль: Капитрон банк

Мөнгөн медаль: Голомт банк

Хүрэл медаль: Төрийн банк

ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:

Алтан медаль: Голомт банк

Мөнгөн медаль: Төрийн банк

Хүрэл медаль: Монголбанк, Чингис хаан банкны нэгдсэн баг хүртлээ.

“Бид Банкир 2018” банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөлд “шилдэг хаалгач”-аар Капитрон банкны багийн хаалгач Б.Батмагнай, “шилдэг довтлогч”-оор Төрийн банкны багийн довтлогч Ц.Төмөр-Очир, “шилдэг тоглогч”-оор Голомт банкны шигшээ багийн хагас хамгаалагч Г.Батцэнгэл нар тодорсон. Харин тус тэмцээний эмэгтэй төрөлд “шилдэг хаалгач”-аар Төрийн банкны багийн хаалгач Н.Уранчимэг, “шилдэг довтлогч”-оор Голомт банкны багийн довтлогч Г.Сумъяадорж, “шилдэг тоглогч”-оор Төрийн банкны багийн довтлогч Б.Баасансүрэн нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Энэ жилийн Банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн жилийн хошой аварга болох Төрийн банк зохион байгуулсан бөгөөд тэмцээний хувьд энэ жил 4 жилд нэг удаа болдог Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан, Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг Зүүн Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатнаас анх удаа шалгарч түүхэн амжилт үзүүлсэн зэрэг чухал үйл явдлууд тохиож буйгаараа онцлог болж байна. Мөн Банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний бас нэгэн онцлох зүйл нь Монголын Банкны Холбооны туган дор Тээвэр хөгжлийн банк, Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Богд банк гэсэн дөрвөн банк нэгдэж оролцсон явдал байлаа.

Монголын банк санхүүгийн салбарт ажиллаж буй банкуудын хамт олонч уур амьсгалыг бий болгох, байнгын оюуны ачаалалтай байдаг банкируудын чөлөөт цагийг спортоор хичээллүүлэн, зөв боловсон өнгөрүүлэх, хурд хүч авхаалж самбаагаа өрсөлдөх боломжийг олгодог энэхүү тэмцээн жил ирэх тусам улам бүр сонирхолтой болсоор байна.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэхийн хамт цаашдын тэмцээн уралдаанд өндөр амжилт хүсье !


Бусад мэдээ

image

Капитрон банк Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хүүхэд хөгжлийн төв” байгууллаа

Капитрон банк нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит бүрэн дунд сургуулийн сурагчдад зориулан "Хүүхэд х&

image

Жижиг, дунд бизнесийг дэмжигч Монгол Улсын шилдэг банкнаас танд санал болгож буй шийдлүүд

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжигч 2018 оны Монгол Улсын шилдэг банкаар Капитрон банк шалгарсан билээ. Энэхүү шагнал нь

image

Капитрон банк Олон улсын мөнгөн гуйвуулгын тоогоор тэргүүлэгч агент банк боллоо

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк